n
2013-09-15
зөв бичих хялбар арга

Зөв бичих арга

Яавал зөв бичиж сурах вэ?,дадах вэ? зөв, буруу  бичиж байгаагаа  яаж мэдэх вэ?, ямар шалгуур байж болох вэ? гэх зэрэг олон асуултад хариу болгон та бүхэнд дараах хэдэн зүйлийг санал болгож байна.Мэргэн оюундаа тунгаан, хэрэглээ болгоно гэдэгт найдна.

Бид эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, зөөлний тэмдэг “и” болох, гээгдэх эгшгийн дүрэм гээд олон дүрмийг аль хэдийн мэднэ.Гэвч бичих хэрэглээндээ ягштал биелүүлж чаддаггүй. Энэ нь тухайн дүрмийг ухамсарлан ойлгоогүй, мэдлэгээ чадвар, чадвараа хэрэглээ, хэрэглээгээ дадал болгоогүйтэй  холбоотой.

Алдаагүй  бичиж сурахын үндсийн үндэс бол  зөв бичих дүрмээ ухамсарлан ойлгох нь чухал юм.

 Ухамсарлан ойлгоно гэдэг нь чухам юуг хэлээд байна вэ?

Үүний тулд кирил үсгийн зөв бичих дүрмийн суурь болсон эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн  дүрэм, бусад дүрэмтэй хэрхэн холбогддогийг  тайлбарлая. Энэ мэтээр бусад дүрмийг уялдаа холбоотойгоор ойлговол зөв бичих дүрмийн мөн чанарыг   жинхэнэ утгаар ойлгож,зөв бичиж сурах, сургахад чамгүй тус болно.

Эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн дүрэм  нь бусад дүрмийг зохиох үндэс суурь болсон төдийгүй зөв бичсэн  эсэхээ шалгах шалгуур болдог юм.

НЭГ. Эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн дүрэм бусад дүрэмтэй уялдах нь

Юуны өмнө дүрмээ сэргээн саная.

1.Эгшигт гийгүүлэгчийн дүрэм:” м, н, г, л, б, в, р” энэ долоон гийгүүлэгч үгэнд орохдоо өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх газраа заавал эгшигтэй бичигдэнэ.      монгол баавар” гэсэн үгээр чээжилдэг.Гажилт:

А. Хэлний угийн  “н” –ийн дараа заахын тийн ялгалын “г” нөхцөл эгшигггүй бичигдэнэ.

Жишээ нь: дүнг, Галсанг...

Б. Тусгай бичигддэг  л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээ нь: ах л,  аав нь...

2. Заримдаг гийгүүлэгчийн дүрэм: “д, т, ж, з, с, ш, ц, ч, х”  энэ есөн гийгүүлэгч үгэнд эгшигтэй , эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ. “цоожоо засаад тушаачих” гэдэг үгээр чээжилдэг.

А.Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч нь өмнөө ба хойноо эгшиггүй  орж болно.

Жишээ нь: багш, дарш, өвс, холд, нэрт...

Гажилт: Үйлт нэрийн ирээдүй цагийн “х” нөхцөл (ирээдүй цагт нэрийн “-х” дагавар, үйл үгийн “-х” ч гэнэ.) –ийн өмнө заавал эгшиг бичдэг тул энэ дүрэмд хамаарахгүй. Жишээ нь: авах, хэлэх, олох...

Б.Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орохдоо сүүлийн заримдаг гийгүүлэгч нь өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх  талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.

Жишээ нь: бодож, таташ, бусад, нөхөд, ачит, эгчид...

Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнөө ба хойноо эгшиггүй орж болно. Жишээ нь: түүхт, тусч (хүү), түүхч (эрдэмтэн)…

Дээрх дүрмийг  бусад дүрэмтэй хэрхэн интеграцчилж болох вэ?

I.Зөөлний тэмдэг солигдох (“и” болох) дүрэмтэй  холбогдох нь

1.    Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж, “и” болгоно. Учир нь эгшигт гийгүүлэгч үгэнд орохдоо өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх газраа  заавал  эгшигтэй бичигддэг. Жишээ нь:

харь + в = харив        ( “в” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

хорь + г = хориг        ( “г” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

суурь + л = суурил   ( “л” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

2.    Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол  зөөлний тэмдгийг сольж, “и” болгоно. Учир нь заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орохдоо сүүлийн заримдаг гийгүүлэгч нь өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх  талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээ нь:

тохь + ж = тохиж   (заримдаг гийгүүлэгч  “ж”-д эгшиг хэрэгтэй тул түүнийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

боть + д = ботид   (сүүлийн заримдаг гийгүүлэгч  “д”-д эгшиг хэрэгтэй тул түүнийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

3.    Зөөлний тэмдгийн дараа  үйл үгийн “-х”  (ирээдүй цагт нэрийн “-х” дагавар)  нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж, “и” болгоно. Учир нь үйл үгийн “-х” (ирээдүй цагт нэрийн “-х” дагавар)  нөхцөл өмнөө заавал  эгшигтэй бичигддэг. Жишээ нь:

харь + х = харих        ( “х”  нөхцөл (дагавар) өмнөө эгшигтэй байх тул түүнийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

хорь + х = хорих        (“х”  нөхцөл (дагавар) өмнөө эгшигтэй байх тул түүнийг эгшигжүүлэх гэж “ь” нь “и” болсон.)

II. Зөөлний тэмдэг үл солигдох  дүрэмтэй холбогдох нь

1.    Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Учир нь эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч  өмнөө ,хойноо эгшиггүй  орж болно.Жишээ нь:

харь + ж = харьж        ( “р”  эгшигт гийгүүлэгчийн дараа “ж”  заримдаг гийгүүлэгч эгшиггүй орох тул  “ь”  нь “и” болох шаардлагагүй.)

шуугь + ж = шуугьж      (“г”  эгшигт гийгүүлэгчийн дараа “ж”  заримдаг гийгүүлэгч эгшиггүй орох тул  “ь”  нь “и” болох шаардлагагүй.)

барь + зна = барьзна      (“р”  эгшигт гийгүүлэгчийн дараа “з”  заримдаг гийгүүлэгч эгшиггүй орох тул  “ь”  нь “и” болох шаардлагагүй.)

III.  Зэрэгцүүлэн холбох “-ж, -ч” нөхцөлийг ялган бичих дүрэмтэй холбогдох нь

А.“-ж” нөхцөлийг бичих нь

1.    Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн  “-ж” нөхцөлийг залгана. Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч  эгшиггүй бичнэ дүрэмтэй холбогдоно.

          Жишээ нь: харж, олж, нэмж, хөвж...

2.     Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд “-ж” нөхцөлийг залгана. Энэ нь заримдаг  гийгүүлэгчийн дараа  заримдаг гийгүүлэгч  эгшигтэй бичнэ гэсэн дүрэмтэй холбоотой.

Жишээ нь:бодож, татаж, суурьшиж, түлхэж,  цацаж, мөлхөж ...

3.    Эгшгээр т өгссөн үгэнд “-ж” нөхцөлийг залгана. Жишээ нь:хааж, нээж, бууж, дутааж, ханхайж...

Б.”-ч” нөхцөлийг бичих нь

1.    Урт ба хос эгшиг бүхий нэг үетэй “р” гийгүүлэгчээр төгссөн үгэнд “ч” нөхцөлийг бичнэ. Энэ  нь эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч  эгшиггүй бичнэ гэсэн дүрэмтэй холбоотой.

          Жишээ нь:хөөрч, буурч, цоорч, төөрч...

2.    Хоёр үетэй “р” гийгүүлэгчээр төгссөн үгэнд “ч” нөхцөлийг бичнэ. Энэ нь эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч  эгшиггүй бичнэ гэсэн дүрэмтэй холбоотой.

Жишээ нь: бу-тарч, та-тарч, ха-гарч...

3.     ”-в,-г,-р” гийгүүлэгчээр төгссөн цөөн үгэнд “-ч” нөхцөлийг бичнэ. Энэ нь эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч  эгшиггүй бичнэ гэсэн дүрэмтэй холбоотой.Энэ нь монгол бичгийн хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд “ч” толгойтой залгавар залгадаг дүрмээс улбаатай.

Жишээ нь:сурчу – сурч, гарчу- гарч, абчу – авч, өгчү- өгч...

IY. ж, ч, ш гийгүүлэгчийн дараах эгшгийг зөв бичих дүрэмтэй  холбогдох нь

“Үгийн дунд ж, ч, ш гийгүүлэгчийн дараа эгшиг бичих шаардлага гарвал зөвхөн “и” бичнэ.” гэсэн дүрэм бий.Эгшиг бичих шаардлага нь мөн л эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн дүрэмтэй холбогддог байна.

1.    Эгшигт гийгүүлэгч үгэнд орохдоо өмнөө ба хойноо аль тод хэлэгдэх талдаа эгшигтэй бичигдэх тул “и” бичнэ.

Жишээ нь: орш + л = оршил,  бүж + г = бүжиг, хаш + лт = хашилт...

2.     Заримдаг  гийгүүлэгчийн дараа  заримдаг гийгүүлэгч  орвол   эгшигтэй бичнэ гэсэн дүрмээр сүүлийн заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэх гэж “и” бичнэ.

Жишээ нь: таш + ж = ташиж, жиш + шгүй = жишишгүй, оч + цгоо = очицгоо...

3.    Үйл үг бүтээх “-л”  дагавар нь заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд  өмнөө эгшигтэй бичигдэнэ. гэсэн дүрэм байдаг бөгөөд мөн  “л” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлэх гэж “и” бичнэ.

Жишээ нь: ач + л = ачил,  хайч + л = хайчил,  хууч  + л = хуучил, товч + л = товчил...

Санамж: Аль нэг гийгүүлэгчийн шаардлагаар бичсэн энэ “и” эгшиг нь үүрэггүй бол бусад эгшгийн нэгэн адил гээгдэнэ.Үүнийг ж, ч, ш –ийн дараа  ямагт эгшиг бичнэ гэж буруу ойлгож, бичиж хэвшсэн байдгийг анхаараарай.Жишээ нь: ачил+аад = ачлаад, хайчил + уул= хайчлуул, хуучил + аарай = хуучлаарай, товчил + оосой = товчлоосой ...

4.    Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зэрэгцүүлэн холбох “-ж” нөхцөлийг залгана” гэсэн дүрэмтэй холбогдоно.Энэ мөн “заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч эгшигтэй” гэсэн дүрмээр  хоёр дахь заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэхийн тулд “и” эгшиг бичнэ.

Жишээ нь: тогш+ж = тогшиж, хугач+ж= хугачиж, бойж+ж=бойжиж...

ХОЁР.Эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн дүрмээр зөв бичсэн эсэхээ шалгах нь

Бичих явцад  үгийн I үеэс хойш орсон балархай эгшгийг  гээх эсвэл гээхгүй бичих алдаа гаргах нь элбэг байдаг.Ийм алдаа гаргахгүйн тулд дараах алхмуудыг хийж сураарай.

1.    Балархай  эгшгийн үүргийг тодорхойлж сурах нь маш чухал. Жишээ нь:

ха-вар ( балархай эгшиг “а” нь эгшигт гийгүүлэгч “р” –г эгшигжүүлсэн.)                                  сан-дал ( балархай эгшиг “а” нь зөвхөн эгшигт гийгүүлэгч “л” –г  эгшигжүүлсэн. Учир нь эгшигт гийгүүлэгч (“н”)-ийн дараа заримдаг гийгүүлэгч  (“д” ) эгшиггүй орж болно.                                хай-лах (балархай эгшиг “а” нь үйл үгийн “-х” нөхцөл  (ирээдүй цагт нэрийн дагавар)-ийг ялгах үүрэгтэй орсон.)                                                                                                                                       олд-вор (балархай эгшиг “о”  нь эгшигт гийгүүлэгч “в,р” хоёрыг давхар эгшигжүүлсэн.)                        бус-дад (балархай  эгшиг “а” нь заримдаг гийгүүлэгч хоёр “д”-г давхар эгшигжүүлсэн.Учир нь “с” заримдаг    гийгүүлэгчийн  дараа “д” заримдаг эгшигтэй бичигдэнэ.Мөн “д” заримдаг гийгүүлэгчийн  дараа “д” заримдаг гийгүүлэгч эгшигтэй бичигдэнэ. )

Үүнийг шалгахдаа  балархай эгшгийг үгийн бүтцээс хасаад, харж  болдог. Тодруулбал,хавр, сандл, хайлх, олдвр, бусдд  гэж харахад балархай эгшиг ямар үүрэгтэй орсон нь тодорхой болдог.

2.    Эгшигт гийгүүлэгч ба заримдаг гийгүүлэгчийн дүрэм, түүний гажилтыг сайтар санах хэрэгтэй.

А.Эгшигт гийгүүлэгч өмнөө ба хойноо заавал эгшигтэй байна.

Б.Эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшиггүй  бичигдэнэ.

Гажилт:Үйл үгийн “-х “ буюу ирээдүй цагт нэрийн дагавар өмнөө эгшигтэй байна.

В.Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход сүүлийн заримдаг гийгүүлэгч өмнөө ба хойноо заавал эгшигтэй байна.

Гажилт: “с, х” гийгүүлэгчийн дараа “т, ч” гийгүүлэгч эгшиггүй орно.

Энэ  тохиолдлыг зөрчөөгүй бол зөв бичжээ гэж үзэж болно.Жишээ нь:

эвхчхээд - дөрвөн гийгүүлэгч дараалан орсон боловч дээрх дүрмүүдийг зөрчөөгүй. Шалгая.

А.эгшигт гийгүүлэгч (“в”) –ийн дараа заримдаг гийгүүлэгч  (“х”) эгшиггүй орно.

Б.”с,х “ гийгүүлэгчийн дараа “т,ч” заримдаг гийгүүлэгч  эгшиггүй орно.

В. Заримдаг гийгүүлэгч  (“ч”) –ийн дараа заримдаг гийгүүлэгч  (“х”)  ардаа эгшигтэй  тул энэ үгийг зөв бичсэн.

харагдснаас – мөн дөрвөн гийгүүлэгч дараалан оржээ.Зөв үү? Шалгая.

А.эгшигт гийгүүлэгч “г” өмнөө эгшигтэй.

Б. эгшигт гийгүүлэгч  (“г”) –ийн дараа заримдаг гийгүүлэгч  (“д”) эгшиггүй орно.

В.заримдаг гийгүүлэгч (“д”) –ийн дараа заримдаг гийгүүлэгч (“с”) эгшигтэй орох ёстой байтал эгшиггүй байна.Тэгвэл  балархай эгшиг “а” байх ёстой тул  буруу бичжээ. “харагдсанаас” гэж бичих нь зөв.

үсччихээд - мөн гурван гийгүүлэгч дараалан оржээ.Зөв үү? Шалгая.

А.”с, х” гийгүүлэгчийн дараа “т, ч” гийгүүлэгч эгшиггүй орно.

Б. заримдаг гийгүүлэгч (“ч”) -ийн дараа  заримдаг гийгүүлэгч (“ч”)  эгшигтэй бичигдэх тул “и” эгшгийг гээхгүй  “үсччихээд” гэж бичих нь  зөв байна.

авчихаад – балархай эгшгийг гээлгүй бичжээ.Шалгая.

А.авчих – үгийн балархай эгшиг “и” нь заримдаг гийгүүлэгч “ч” –ийн дараа заримдаг гийгүүлэгч “х” эгшигтэй бичих тул “ч”-г эгшигжүүлэх үүрэгтэй орсон.

Б.авчих+аад -  Заримдаг гийгүүлэгч “х” ардаа эгшигтэй болсон тул балархай эгшиг “и” эгшигжүүлэх үүрэггүй болж гээгдэх ёстой тул буруу бичжээ. “авчхаад” гэж бичих нь зөв. Гурван гийгүүлэгч дараалсан боловч эгшигт гийгүүлэгч “в”-ийн дараа заримдаг гийгүүлэгч эгшиггүй орно. Заримдаг гийгүүлэгч “ч” –ийн дараа заримдаг гийгүүлэгч “х”  ардаа эгшигтэй тул зөв бичжээ. гэх мэтээр шалгаж болдог.

Санамж:Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй гэдгийг санаарай.

Зөв бичихэд туслах өөр нэг алхам бол язгуур, дагавар , нөхцөлийн бүтцийг мэдэх явдал юм.Үүний тулд:

1.    Үгийн язгуураа зөв тогтоох хэрэгтэй.Үүний тулд  тогтоосон язгууртаа  хоёр ба түүнээс дээш  дагавар залгана. Ойролцоо утгатай хоёроос дээш үг бүтэж байвал  язгуур нь мөн гэж танина. Идэвхгүй дүрслэх язгуур бол “-лз,-гар4, -гана4,- ай4,-схий” дагавар залгаж, төрөл үг үүсгэдэг.Төрөл үг гэдэг нь нэг язгуур бүхий үгс юм. Жишээ нь:

сэрэвгэр, сэрвэгэр аль бичлэг зөв бэ? Язгуурыг тогтооё.

 сэрвэлз, сэрвэгэр, сэрвэ+ий, сэрвэсхий гэж төрөл үг үүсэх тул язгуур нь” сэрвэ-  тул “сэрвэгэр” зөв.

торомгор, тормогор аль нь зөв бэ? Шалгая.

тормолз, тормо+ой, тормогоно, тормосхий  гэж төрөл үг үүсэх тул язгуур нь “тормо-  тул “тормогор” зөв.

аравгар, арвагар аль нь зөв бэ? Язгуураа тогтооё.

арвагана, арвалз, арва+ай, арвасхий гэж төрөл үг үүсэх тул язгуур нь “арва-“ тул  “арвагар” зөв.

2.    Ямар бүтэцтэй (яаж бичигддэг) дагавар, нөхцөл байдгийг санаж, тэр бичлэгээр бичнэ.Гэтэл дуудлагаа даган, алдаатай бичих нь цөөнгүй. Жишээ нь:

А.Түр үйлдэх байдал –“-зна4 “ гэсэн бүтэцтэй, бичлэгтэй.Гэтэл дуудлагаараа “зана, зэнэ, зоно, зөнө” гэж бичиж алддаг.Жишээ нь: гарзана, авзана, босзоно, татзана...

Харин  дүрмээ баримталбал зөв бичнэ.Жишээ нь:

 гарзна, авзна  -  эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшиггүй бичигдэнэ.

босозно, татазна – заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход сүүлийн заримдаг эгшигтэй бичих тул “о, а” балархай эгшиг нь  “з”- г эгшигжүүлэх үүргээр оржээ.

Б.Олноор үйлдэх байдал – “-цгаа4 “   гэсэн бүтэцтэй, бичлэгтэй.Гэтэл дуудлагаараа “цагаа, цогоо, цөгөө, цэгээ” гэж бичиж алддаг.Жишээ нь: авцагаа, олцогоо, босцогоо, татцагаа... Харин дүрмээрээ бичвэл:

гарцгаа, олцгоо - эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшиггүй бичигдэнэ.

босоцгоо, татацгаа – заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход сүүлийн заримдаг эгшигтэй бичих тул “о, а” балархай эгшиг нь  “ ц”- г эгшигжүүлэх үүргээр оржээ.

В.Бүрмөсөн үйлдэх байдал “-чих” болон  үйл үгийн “-х”  (ирээдүй цагт нэрийн дагавар)  нөхцөлийн нийлэмж “-чих” гэсэн бүтцийг ,  бүрмөсөн үйлдэх байдлын “-чих” дагавраас ялгах хэрэгтэй.Тодруулбал:

А. “-чих” нөхцөлийн бүтцийн араас тийн ялгалын нөхцөл орсон бол “-х” –г  үйл үгийн       “-х” гэж танин өмнөх балархай эгшгийг гээхгүй.Жишээ нь:

харчихаар, тоглочихыг, зурчихаас (нь өмнө), туулчихыг, хөөрчихөөр...

Эдгээр үгсийг “авахаар, өгөхөөр, нэмэхээр...” гэх мэт үгсийг бичдэгтэй адилтган бичиж байгаа хэрэг.

Б. “-чих” нөхцөлийн бүтцийн араас үйлийн нөхцөл (“-аад4, -аарай4, -аасай4 “)  орвол    үйл үгийн  “-х” биш, бүрмөсөн үйлдэх байдлын “-чих” дагавар гэж танин өмнөх балархай эгшгийг үүрэггүй бол   гээнэ, үүрэгтэй бол гээхгүй хоёр янз байна.Жишээ нь:

харчхаарай, тоглочхоод, зурчхаасай, туулчхаад, хөөрчхөөсэй ...

Харин бэлдчихээд, холдчихоорой, алдчихуузай зэрэг үгсийн балархай эгшиг “и” нь заримдаг гийгүүлэгчийн дараа  (“д”) заримдаг гийгүүлэгч (“ч”) эгшигтэй гэсэн дүрмээр  “х”- г эгшигжүүлж байгаа тул гээхгүй.

Үүнээс гадна  зарим нөхцөл, дагаврыг бичих тусгай дүрэмтэйг, бас холбогдох бусад дүрмийг тухай бүр санаарай.

Дээрх дүрэм, тайлбар, шалгуурыг ойлгосон бол өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэн, өөрийгөө шалгаарай.

Даалгавар 1.Дараах үгсийг зөв бичсэн болохыг батлаарай.

устчихаад                 харчихыг                   шалгачихаар            цуурчхаад                

насалчхаарай      үзүүлчхээрэй   ховордсоноос          бүртгэчхээд

Даалгавар 2. Дараах үгсийг буруу бичсэн болохыг тайлбарлаарай.

            туулчхаар     тохирхыг       анчиддаа      тусласан       эртдэнэ

            нийтлэнэ       авчхаар         алдараа        шүүрчихээд  боролно

Даалгавар 3. Зөв бичсэн үг бүхий хэсгийн өмнөх дугаарыг тэмдэглээрэй.

А.ястны, орчхоод, харьчхаарай, баатрын, ховолбол, эргэчихээр, мөнхжинө

Б.очизно, хагалчхаад, тоолчихоор, сурагчдадаа, баярлачхаасай, ярвагана

В.тусалхаар, аравгар, болороос, гөлөгтэйгээ, тушаачхав, батажна, засазна

 


Бичсэн: davaasuren цаг: 12:35 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


Ёстой тус боллоо
Бичсэн: Зочин цаг: 15:13, 2022-11-17 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих

Баярлалаа
Одоо би ямар ч алдаагүй бичдэг болсон та бүхэнд маш их талархаж байна
Бичсэн: Маралжингоо (зочин) цаг: 18:39, 2021-04-26 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax