n
2014-03-15
Сонины алдаа юунаас гардаг вэ?онгол хэлшинжлэлийн судлалын салбараас найруулгазүйн салбар шинжлэх ухаан нь 1970-аад оноос бие даасан шинжлэх ухаан болон төлөвшиж, дагнан судладаг судлаачидтай болсон байдаг. Энд дурдвал хэлшинжлэлийн шинжлэх ухааны до

онгол хэлшинжлэлийн судлалын салбараас найруулгазүйн салбар шинжлэх ухаан нь 1970-аад оноос бие даасан шинжлэх ухаан болон төлөвшиж, дагнан судладаг судлаачидтай болсон байдаг. Энд дурдвал хэлшинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор агсан Д.Отгонсүрэн, хэлшинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сүхбаатар нар нь уг шинжлэх ухааныг монголд хөгжүүлэхэд ухамсарт амьдралаа зориулж, онолын чиг баримжаа, жанжин шугам нь болсоор ирсэн, цаашид ч тийм байх нэрт эрдэмтэд юм.
Найруулгазүйн шинжлэх ухаан манайд хөгжин төлөвшихийн эхлэл болсон судалгааны өгүүлэл бүтээлүүд 1960-аад оны сүүл үе, 1970-аад оноос эрчимжиж эхэлсэн байна. Тэр дундаас сонин, хэвлэлийн найруулга, түүний алдаа эндлийн талаар сонирхон судлах судлаачдын хүрээ өргөжиж, төвийн хэвлэл болон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдэх болсон байдаг.
1976 онд найруулгазүйч Ц.Сүхбаатар сонин хэвлэлийн хэл найруулгын тухай сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, Д.Отгонсүрэн , Ц.Сүхбаатар нарын найруулгазүйн тулгуур бүтээлүүдэд сонин нийтлэлийн найруулгын талаар судлан тодорхойлж, дурдсанаас гадна Э.Вандуйн “Сонин хэвлэлийн хэл найруулга” өгүүлэл “Үнэн” сонин /1965. №183/-д, Э.Равдан. “Сонин хэвлэлийн гарчгийн учир” өгүүлэл “ШУА” сэтгүүл /1975.№3/-д, А.Очирын “Сонины хэл найруулгад анхаарах зарим зүйлс” өгүүлэл “Улаан од” сонин /1976.№36/-д, Ш.Барайширын “Сонин хэвлэл радио телевизийн хэл найруулгын асуудалд” өгүүлэл “Үнэн” сонин /1982. №187/-д, эрдэмтэн Ц.Сүхбаатарын “Сонины хэл найруулга” өгүүлэл “ШУА” сэтгүүл /1973. №1/-д, “Сонины хэл найруулгын алдааны зарим жагсаалт” өгүүлэл нь “Улаанбаатарын мэдээ” сонин /1973. №107/-д, “Телевизийн хэл найруулгын зарим онцлог” өгүүлэл “ШУА” сэтгүүл /1977. №6/-д, “Сонины хэл найруулга” өгүүлэл “Сэтгүүлч” сэтгүүл /1984. №4/-д зэрэг 20 гаруй өгүүлэл төвийн сонин хэвлэл, салбарын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэж, эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар иржээ.
Тэгэхдээ тухайн үед сонин хэвлэлийн тоо харьцангуй цөөхөн, нөгөө талаас “Хэвлэл утга зохиолыг хянах газар” ажиллаж, сонин хэвлэлийн хэл найруулгын болон үсгийн дүрмийн алдааг тусгайлан хянаж, цагдаж байсантай холбоотойгоор хэл найруулга, зөв бичих зүйн алдаа сонин хэвлэлд бага гардаг байсан гэж дүгнэж болох юм. Тийм учраас эрдэм шинжилгээний ажлын хүрээнд л судлаачдын сонирхол анхаарлыг татаж, мэргэжлийн хүрээнийхний дунд л эргэлдсээр байсан байна.
Харин 1990 оноос хойш монголд чөлөөт хэвлэл хөгжиж, сонин хэвлэлийн тоо борооны дараах мөөг шиг нэмэгдсэн явдал нь сонин хэвлэлийн хэл найруулгыг сулруулж, мэргэжлийн боловсон хүчний хомсдол би болгож, дур мэдэн бичигчдийн бүхэл бүтэн арми хэвлэл мэдээллийн салбарт хүч түрэн орж ирсэн явдал нь муу үр дагварыг авчирчээ. Түүнээс үүдэн сонин, хэвлэлийн хэл найруулга ядуурч, үй түмэн алдаатай зүйлс сонины дугаарыг чимэглэж, дээрээс нь “Хэвлэл утга зохиолыг хянах газар” татан буугдаж, хэвлэлийн нэгдсэн бодлого задарч, сонин хэвлэлийн хариуцлагатай редакторын орон тоо үгүй болсноор чанар муутай, үлбэгэр найруулгатай сонины материалууд хөврөх нэгэн шалтгаан болсон байна. Ингэж монголын хэл шинжээчид, мэргэжлийн хүмүүсийн хараа хяналтанд өртөмгүй жижиг сажиг олон сонин хэвлэгдэх болсон нь бидний санааг зовоогоод байгаа эдгээр асуудлын гол үндэс болжээ. Тийм учраас эрдэмтэн судлаачид гэлтгүй жирийн уншигч, үзэгчдийн анхаарлыг татаж сүүлийн үед санаа бодлоо илэрхийлсэн, дургүйцсэн, шүүмжилсэн өнгө аяс бүхий нийтлэл, өгүүллүүд хэвлэгдэж, мөн эрдэмтэн судлаачдын бичсэн нэлээд судалгаатай, үнэлэлт дүгнэлт бүхий өгүүлэл, зарим ном сурах бичиг хэвлэгдэх болжээ.

Сонин хэвлэлийн судалгааны өнөөгийн байдал, төлөв

УИХ-аар 2003 онд батлагдсан “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 2-р бүлгийн 5 дугаар зүйлийн 5.16-д “Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёог баримтална” гэж заасан байдаг. Тэгвэл бид хуулиа хэрхэн биелүүлж байгаа билээ. Сонин хэвлэлийн хэл найруулгын талаар хийсэн судлаачдын бүтээлийг иш татахаас өмнө шууд “үгүй” гээд хэлчихэд буруудахааргүй байдал нүдний өмнө ил байна.
“Сүүлийн жилүүдэд манай хэвлэл мэдээлэлд ил тод байдал буюу хэвлэлийн ардчилал, олон ургаль үзэл, дотоод төрөл зүйлийн шинэ хэв маяг, шуурхай үйл ажиллагаа зэрэг ололттой тал бий болсон нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжиж байгаагийн нэг илрэл” мөн хэдий ч анзаарагдамгүй өчүүхэн зүйл мэт боловч хүмүүсийн бичгийн боловсролд зүй бусаар нөлөөлөх дутагдалтай зүйл ч бас байсаар байна.
Сонин хэвлэлийн хэл найруулга нь хүмүүсийн өдөр тутмын хэлний боловсролд байнга нөлөөлж, хэлний боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэл найруулгын талаар монгол хэл шинжлэлийн болон сэтгүүлзүйн судалгааны хүрээнд багагүй авч үзсэн хэдий ч цогц байдлаар судлан дүгнэж, нэг мөр шийдсэн судалгаа хараахан гараагүй л байна.
“Өнөөдөр манай сонин хэвлэлийн найруулга, үг хэллэг нь монгол хэлний хэм хэмжээний наад захын шаардлагыг хүртэл алдагдуулж, цэг цэглэл тэргүүтнийг ч зөв хэрэглэлгүй утгын алдаа гаргах үзэгдэл ч цөөнгүй байна. Зөв бичих зүйд аливаа үг, бүтээвэр хэлний нэгжийг бичигт хэрхэн зөв буулгах, тэдгээрийн олон хувилбараас хамгийн нийтлэг түгээмэл хэв шинжийг журам болгон хэвшүүлэхээс гадна цэг цэглэлийн зүйл ч хамаарагддаг” . Энэ бүхэн найруулгын болон найруулгын бус алдааг үүсгэж байгааг судлаачид сүүлийн үед тодорхойлох оролдлого хийж байна.
Сонин хэвлэл, телевиз, радиогийн хэл найруулга нь боловсролтой уншигч, үзэгчийн бухимдлыг төрүүлж, уур цухлыг барах болсныг гэрчилсэн нэлээдгүй өгүүлэл хэвлэгдсэнийг энд дурдая. Тухайлбал, Б.Бат-Амгалангийн “Телевиз хийх түрсийк хийх хоёр ямар ялгаатай вэ?” шүүмж өгүүлэл “Улаанбаатар” сонины /2005. №0008/1682// дугаарт, Н.Халгай “Хөтлөгч нарын тухай хэдэн үг” /www.khelzasag.mn/, философич Д.Батчулууны сонин хэвлэлийн сэтгүүлчдийн хэл, найруулга, мэргэжлийн ур чадварт шүүмжлэлтэй хандсан өгүүлэл зэрэг боловсролтой сэхээтний бодол санааг тусгасан хөндлөнгийн шинжээчийн эдгээр дүгнэлт, баримт нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлний асуудал, найруулга ямархан төвшинд оччихоод байгааг бидэнд бэлхнээ харуулж байгаа хэрэг юм. Заримыг нь уншаад сэтгүүлчдийнхээ өмнөөс ичих юм.
Судлаачид энэ талаар цөөнгүй бүтээл туурвисан байна. 1996 онд МСХ-ноос эрхлэн “Монгол сонины хэл, найруулгын зарим асуудал” эмхтгэл хэвлүүлж, мэргэжлийн байгууллагаас нь уг асуудалд анхаарал хандуулах оролдлого хийж эхэлжээ. Харин даган судлахын тухайд бол сэтгүүлзүйн ухааны доктор, дэд профессор Ч.Чойсамба сонин хэвлэлийн хэл найруулгын талаар дагнан судалж, цөөн бус бүтээл хэвлүүлсэн, найруулгазүй судлаач эрдэмтэн юм.
Хэлшинжлэлийн шинжлэх ухааны доктор Л.Балдан “Сонины хэл найруулгын бүтэц, тогтолцооны асуудалд”, ЭШАжилтан Д.Уртнасан “Зөв бичих зүйг хэвшүүлэхэд сонин хэвлэлийн үүрэг нөлөө”, доктор, дэд профессор Ц.Эрдэнэбат “Утгыг урлахуйн учир хийгээд сонины хэл найруулга” зэрэг өгүүллүүд нь мөн л сонины хэл найруулгын алдаа, түүнээс гарах арга замыг зааж өгсөн бүтээлүүд болсон байна. Харин телевиз, радиогийн хэл найруулгын талаар төдийлөн нарийвчлан судласан судалгаа алга байсаар байна. Харин зарим телевизийн хөтлөгчдийн яриа, хэлний асуудлыг хөндсөн цөөн тооны өгүүлэл хэвлэгдсэн байна. Тухайлбал, доктор Г.Сүхбат “Хэлний шугаман бус чанарын тухай буюу ТВ-5-ын хэл найруулгыг шинжихүй”зэрэг судалгааны өгүүллүүд хэвлэгдэж, тодорхой нэг асуудлыг хөндөн гаргаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн нь харагддаг. Эдгээр өгүүллийг та бүхэн бүгд уншсан байгаа гэдэгт итгэж байгаа учраас агуулгын талаар дурдах нь илүүц биз ээ.
Мөн МУБИС-ийн МоСС-ийн багш Г.Сүхбат, М.Одмандах нар 2004 онд “Чөлөөт хэвлэл” сантай хамтран “Хэвлэлийн эрх чөлөө – Хэвлэлийн хэл найруулга” төслийг найруулгазүйн нэрт эрдэмтдийн хамтаар хэрэгжүүлж, төв орон нутгийн сонины сэтгүүлчдэд сургалт явуулж, өгүүллийн эмхтгэл хэвлүүлсэн нь энэ талаар хийсэн дорвитой ажлын нэг байсан хэдий ч дараа дараагийн шатанд үргэлжлэлгүй тасарсан байна. Энэ мэтээр хэл найруулгын тухай судлаачид, уншигчдын талаас багагүй анхаарал ханлдуулж тодорхой ажлыг хийсээр ирсэн хэдий ч өнөөг хүртэл шийдвэрлэх арга хэмжээ авч чадаагүй л байна.

Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн 2 судалгааны
талаар товчхон

Төрийн хэлний зөвлөл, Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлсэн “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” /2007.11/, “Өргөн нэвтрүүлгийн телевизийн мэдээ, нэвтрүүлгийн хэл, найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” /2008.11/ сэдэвт 2 төслийг монголын нэртэй хэлшинжлэлийн эрдэмтэд, судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн нь энэ талын иж бүрэн хандлагатай, цогц судалгааны ажил болсон байна.
Судалгааны дүнгээс харахад “…Монголын тогтмол хэвлэлийн /сонин/ бичлэгийн 56 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус алдаатай байна…”, “…Нийт алдааны үнэмлэхүй хувийг найруулгын алдаа эзэлж байна. Нийт бичлэгийн 52 хувь нь найруулгын алдаатай, 10 хувь нь найруулгын бус алдаатай байсан. Найруулгын болон найруулгын бус алдааг давхар агуулсан бичлэг 6 хувь, нэгийг нь агуулсан бичлэг 50 хувийг эзэлж байлаа…” гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэр дундаас “…Найруулгын алдааны үнэмлэхүй хувийг үгсийн сангийн /64.4 хувь/ болон хэлзүйн алдаа /27.9 хувь/ эзэлж байлаа” гэсэн нь анхаарал татаж байна. Мөн “…Тогтмол хэвлэлийн төрлөөр харьцуулбал өдөр тутмын сонинууд дахь найруулгын алдаа чөлөөт буюу 7-10 хоног тутмын сониныхоос харьцангуй бага байсан ба найруулгын бус алдаа харьцангуй их байв…” гэсэн дүгнэлтээс харахад монголын сонин хэвлэлд ямар алдаа зонхилж байгааг харуулж байна. Энэ нь сонин хэвлэлийн хэл найруулгын төвшин ямархуу байгааг бидэнд нотлон харуулж байна.
Сэтгүүлзүйн найруулгын тухай судалгаанд телевизийн хэл найруулгын судалгаа үндсэндээ алга байсан гэхэд буруудахгүй биз. Зарим хүмүүс өөрсдийн санаа бодлыг хэлж, тодорхой системтэй баримт цуглуулж, нэгтгэсэн нь үгүй байгаа энэ үед Хэвлэлийн хүрээлэн, Төрийн хэлний зөвлөлийн хамтран хэрэгжүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн телевизийн мэдээ, нэвтрүүлгийн хэл, найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” төсөл нь ихээхэн ач холбогдолтой, цаашид судлагдах судалгааны эх хэрэглэгдэхүүн бэлдэж өгснөөрөө үнэлж баршгүй юм.
Тус судалгаагаар “…Өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийн 36.7 хувь нь хэл, найруулга, үгийн сангийн алдаатай байв. Үүний 95 хувь нь найруулгын алдаа, 5 хувь нь найруулгын бус алдаа байв…”, “Хэл найруулга, үгийн сангийн алдаа NTV телевизэд хамгийн их байна. Өөрөөр хэлбэл, NTV телевизийн хөтөлбөрийн 41 хувь, TV9 телевизийн 31.7 хувь, UBS телевизийн 26 хувь, МҮОНТ-ийн 20.3 хувь нь эл төрлийн алдаатай байв…”, “…Телевизийн олонх сэтгүүлч үгийн сангийн алдаатай ярьж байна. Хэл, найруулга, үгсийн сангийн алдааны 60 хувь нь эл төрлийн алдаа байна…” зэрэг дүгнэлтийг хийсэн байна. Энэ бүхэн нь өнөөдөр мэдээллийг түгээгч гол сувгийн хувьд хэл найруулга, үгсийн сангийн алдаандаа анхаарч, засч залруулах шаардлагатай болсныг бэлхнээ харуулж байна. Өмнө нь хүмүүсийн бичсэн шүүмж, өгүүллүүд нь зарим нэг нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрийг үзээд санаа бодлоо тодорхой баримтгүй илэрхийлсэн байсан тул телевизийнхэд цочрол өгөөгүй бололтой. Харин дээрх судалгаа нь баримттай, нотолгоотой учраас одоо харин сэрэмж, цаашид анхаарахад нөлөөлөх байх гэдэгт итгэж байна.
Телевизийн хувьд алдаа нь заримдаа үл анзаарагдам байдаг. Тиймдээ ч ингэж тусгайлан хүч тавин судлахгүйгээр түүнийг тодорхойлох боломжгүй юм. Сүүлийн үед Хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны алба сонин хэвлэлийн зах зээл, хэл найруулга зэрэг олон асуудлыг сонгон авч судалгаа хийж, эх хэрэглэгдэхүүн бэлтгэж байгаа нь тун сайшаалтйа хэрэг юм. Харин энэ судалгааны үр дүн, баримтыг түшиглэн нарийвчласан судалгааг хийж, цаашид энэхүү алдаанаас хэрхэн зайлсхийх тухай ярилцах цаг нь нэгэнт болсоныг өнөөдрийн уулзалт зөвлөгөөн харуулж байна.
Бид шүүмжлэлт сэтгэлгээгээр судалгааг хийх нь гол бус харин баримтанд түшиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл хийх нь чухал байна. Мөн дан ганц тоон баримт цуглуулан ийм тийм байна гэж дүгнэн хэлэлцэх нь ч бас буруу юм. Учир зүйн талаас нарийн бодож тунгаасан дорвитой судалгаа, цаашид энэхүү байдлаасаа гарах онол аргазүйн талын шийдэл үгүйлэгдэж байгааг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Судлан дүгнэх нэг хэрэг, түүнийг ажил хэрэг болгох гэдэг нь л хамгийн чухал байх ёстой. Бид судлаачдын хүрээнд энэ асуудлыг ярихаас илүү халуу гал тогоонд нь буюу сэтгүүлчдийн дунд уг асуудлыг хөндөн ярилцаж, гарах арга замыг хайсан бол илүү үр дүнтэй байсан байж мэдэх юм.
Тийм учраас цаашид хэрэгжүүлэхэд санаа болохуйц, ажлыг үр дүнтэй хийхийн тулд Төрийн хэлний зөвлөлөөс дараах зөвлөмжийг гаргасан ажээ. Үүнд:
“… 1. Монголын нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор тогтмол хэвлэл нь монголын нийгмийн бүх давхаргын эх хэлний мэдлэг, түүнийг хэрэглэх дадалд асар том нөлөөтэй, мэдээлэл нь ус агаар мэт хэрэглэгдэх болсон өнөө цагт сэтгүүлчид ард түмнийхээ хэл ярианы соёлын даган дууриах багш нь болсон тул эх сайхан монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх эрхэм үйлсэд том үүрэг хүлээж байгаагаа цаг ямагт ухамсарлан бүтээж туурвих ёстой.
2. Судалсан тогтмол хэвлэлийн мэдээ, ярилцлага, нийтлэл, өгүүллийн 56 хувь нь хэл найруулгын болон найруулгын бус алдаатай байна. Алдааны дийлэнх хувийг найруулгын алдаа эзэлжээ. Нийт бичлэгийн 52 хувь нь найруулгын алдаатай, 10 хувь нь найруулгын бус алдаатай байгаагаас үг оновчгүй хэрэглэх, үг буруу сонгох алдаа түгээмэл байна. Тухайлбал, гар нүцгэн гал сөнөөгчид (гар хоосон), зүс ондоо хүүхдүүд (орон гэргүй хүүхдүүд), тэдний 60 наснаас дээш ахмадууд нь (тэдний 60-аас дээш насны ахмадууд нь) гэх зэрэг. Иймд хариуцлагатай редактор/хариуцлагатай нарийн бичгийн дарга/-ын үүргийг өндөржүүлж, сониныг хэвлэлтэд шилжихээс өмнө бичлэг тус бүрийг нягтлан хянаж, үг үсгийн төдийгүй найруулгын алдааг засаж залруулахыг хэвшил болгох.
3. Үйл үгийн хэв, байдлын нөхцөлийг буруу хэрэглэх тохиолдол нийт бичлэгийн 31.7 хувьд гарчээ. Мөн тийн ялгалын алдаа 23.4, хамаатуулах нөхцөл буруу хэрэглэх нь 18.6, олон тоог буруу хэрэглэх нь 16.8, холбох үгийг буруу хэрэглэх нь 7.2 хувьтай байна. Тухайлбал, эзэн биед давхар хамаатуулах(…талийгаачийн гэрийнх нь цонхоор, рестораны чинь г.м), олон тооны үгийн араас олон тоог давхар хэрэглэх(…435 өдрүүдэд, наадмын хэдэн өдрүүдэд г.м) алдаа гаргасан байна. Сэтгүүлч, уран бүтээлчдэд мэргэжлийн өндөр шаардлага тавьж, монгол хэлний дүрмийн мэдлэгээр шалгалтыг тогтмол авч байх.
4. Гарчиг бол уншигчид тухайн сэдэв, агуулгын талаар анхны товч мэдээллийг үнэн зөв өгөхөд чиглэж байдаг. Юуны тухай, ямар мэдээллийг уншигчид өгөх гэж буйгаа сэтгүүлч гарчигт тодорхой, товч, ойлгомжтойгоор илэрхийлэх нь зүйтэй. Гэтэл тухайн мэдээ, нийтлэлийн агуулга, гарчиг зөрөх тохиолдол судалгаанд цөөнгүй илэрснийг анхаарч ажиллах нь чухал байна. Тухайлбал, “УИХ-ын даргынхан бүл нэмэв” гэсэн гарчигт УИХ-ын даргын туслахууд бүл нэмсэн тухай агуулга байв. Иймд сэтгүүлчийн логик сэтгэлгээ, уйгагүй ажиллагааг гүнзгийрүүлэх.
5. Мэдээлэл, нийтлэлд цэг, цэглэл төдийг алдахад л тухайн өгүүлбэрийн утга агуулга алдагдаж болохыг онцгой анхаарч, хянуур нямбай ажиллах нь чухал. Судалсан нийтлэл дэх найруулгын бус алдааны 91.7 хувийг цэг,цэглэлийн, 6 хувийг баримтын, 2.4 хувийг бусад алдаа эзэлж байна. Таслал орхисон, хашилт, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг зэргийг буруу хэрэглэсэн алдаа түгээмэл байгааг арилгах.
6. Өдөр тутмын сонинд найруулгын бус алдаа, чөлөөт буюу 7-10 хоног тутмын сонинд найруулгын алдаа илүү түгээмэл байна. Өдөр тутмын сониныхон цаг хугацаанд баригдаж шахуу ажилладаг нь алдааг зөвтгөх шалтгаан биш. Тиймээс өдөр тутмын сонины удирдлага хариуцлагатай нарийн бичгийн даргын үүргийг өндөржүүлэхийн хамт мэдээлэл, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд зохих шаардлага тавьж ажиллах.
7. Гадаад үгийг оновчгүй хэрэглэх нь эх хэлийг гажуудуулах,харь хэлний сул үгийг олон нийтээр түгээмэл ашиглах, залуусын хэлний соёлыг буруу төлөвшүүлэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Судалгаанаас үзвэл орчуулах шаардлагатай үгсийг 31 удаа орчуулаагүй, гадаад үгсийг нэлээд удаа оновчгүй хэрэглэсэн байна. Тухайлбал, спикер, экс, шоу, батарей, амбиц, сюрприз, фэн, мессеж, рецедивүүд, аллергитдэг, сайдын марафон, вирус, загвар өмсөгчдийн батарей, синдром, нервтэх, карьер, органик хуулиуд, террорист, бестселлер гэх мэт олон үгийг орчуулгагүй шууд хэрэглэж байна. Хэрэв гадаад үгийг хэрхэн орчуулах, хаана ямар үед хэрэглэх талаар зөвлөгөө авах бол Төрийн хэлний зөвлөлд хандан дэмжлэг хүсч болох юм.
8. “Төрийн албан ёсны хэлний тухай” Монгол Улсын хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Төрийн албан ёсны хэлний тухай хууль тогтоомжийн биелэлтэд Зөвлөл /Төрийн Хэлний Зөвлөл/ хяналт тавьж зөрчил илэрвэл түүнийг арилгах талаар албан ёсоор зөвлөмж гаргана” хэмээн заасны дагуу Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргав. Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж нь гарсан цагаасаа эхлэн хэрэгжих хуультай болно.”
Харин өнөөдөр үүнийг хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй байна. Уг судалгааны үр дүн жинхэнэ эзэддээ хүрч чадсан эсэхийг ч би мэдэхгүй байна. Уг нь хүмүүст хүрч чадвал ихээхэн хэрэгтэй, санаа авмаар судалгаа болсон байгаа тул тусгайлан ном, гарын авлага, эмхтгэл болгон хэвлүүлж, монголын гол гол сонин хэвлэлүүдэд хүргүүлэх, судлаачдын судалгааны эх хэрэглэгдэхүүн болговол тун зүгээрсэн.
Сонин хэвлэлийн найруулгын тухай судалгаа нь ихэнхдээ ийм, тийм алдаа байна гэдгийг түүсэн, түүнийг засаж найруулан бичсэн судалгаа голлож байна. Түүнээс бус тэрхүү найруулгын алдаанаас хэрхэн зайлсхийх тухайд санаа дэвшүүлсэн, арга замыг эрэлхийлсэн зүйлс бараг үгүйтэй адил байна.
Энэ байдал дээрх 2 судалгаан дээр ч ажиглагдаж байна. Алдааг ангилан жишээг түүж дүгнэлт хийсэн болохоос бус уг алдаа ямар уичр шалтгаантай, түүнийг хэрхэн арилгаж болох талаар бага анхаарсан нь ажиглагдаж байна. Зөвлөмж төдийгөөр уг ажлыг бүрэн хэрэгжүүлэх боломж хомс мэт санагдаж байна.
Мөн анзаарагдаж байгаа нэг дутагдал бол зөв бичих зүйн тухай судалсан судалгаа, түүнийг хэвшүүлэхэд анхаарч байгаа зүйл харагдахгүй байна. Дур мэдэн өөр өөрсдийн дүрмийг бий болгож, түүнийг сонин хэвлэлээр нийтэд сурталчилах, гадаад үг болон бичихэд эргэлзээтэй үгийг дур дураар бичих, зөв бичихзүйн дүрмийг харгалзахгүй байгааг цаашид анхааран судалж, засаж залруулах талаар ажил өрнүүлэх нь зүйд нийцнэ. МОНЦАМЭ агентлагтай хамтран МУБИС-ийн МоСС-ийн багш, доктор Г.Батзаяа монгол хэлний зөв бичих дүрмийн цуврал хичээлийг “МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонинд нийтлүүлж байгаа нь нааштай алхмын нэг болж байна.

Сонин хэвлэлийн хэл найруулгын судалгаанд
анхаарах зарим зүйл, дүгнэлт

Өнөөдрийг хүртэл судлагдсан сонин хэвлэлийн хэл найруулгын судалгаа нь алдааг олж, түүнийг засах, ийм тийм алдаа гарлаа гэдгийг л тодорхойлж ирсэн байна. Тиймээс бид цаашид яавал дээр вэ? гэдэгт өөрийн санаа бодлыг илэрхийлэхийг хүсч байна. Энд алдсан эндсэн зүйл байвал эрхэм судлаачид залруулна биз ээ.
Үүнд:
-Уншигчдын монгол хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг багаас нь эхлэн эх хэлний боловсролд сургах нь бас ч чухал зүйлийн нэг,
-Сэтгүүлчдийн сэтгэлгээг хөгжүүлэх, хэлний болон бусад чадварыг хөгжүүлэх. Редакц дээр болон түр хугацааны сургалтаар сэтгүүлчдийн монгол хэлний чадвар, найруулгын талаарх мэдлэг чадварыг байнга дээшлүүлж байх,
-Сэтгүүлчдийг сонгон шалгагуулж авахдаа найруулан бичих болон, үсгийн дүрмийн мэдлэг чадварыг голлон шалгах,
-Сонин хэвлэл, телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд редакторын үүргийг тодорхой үнэлж, тэдний ажлын онлцогийг харгалзан цалин урамшлыг нэмэх, тэднийхээ найруулан бичих болон үсгийн дүрмийн боловсролыг дээшүүлэхэд анхаарах,
-Аливаа нийтлэх материалыг хэл найруулгын талаас нь хянаж, түүний алдааг заавал засдаг байх,
-Найруулгын алдааг дан ганц ийм тийм байна гэж тоон аргаар баримт цуглуулан судлан үзэх нь асуудлын зөвхөн нэг л тал юм. Тийм учраас уг алдаа хэрхэн гарч байгааг уг язгуураар нь судлан тодорхойлох хэрэгтэй байна. Бид дан ганц ийм, тийм алдаа байна гэдгийг тоон үзүүлэлтээр гаргах нь хангалттай бус байгаа бөгөөд асуудлыг зөвхөн өнгөн талаас нь үзэж дүгнэх хандлага давамгайлах юм бол сонин, хэвлэлийн хэл, найруулгын асуудлыг бүрэн шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. Тиймээс цаашид уг алдааны мөн чанарыг нээж, учир шалтгааныг тодруулсан, гарах арга замыг эрэлхийлсэн судалгааны бүтээлийг дээрх судалгааны баримт, эх хэрэглэгдхүүнд тулгуурлан хийх,
-Зөв бичих зүйн дүрмийг нэг мөр дагаж мөрдүүлэхэд анхаарах. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын дүрэм өнөө хүртэл албан ёсоор хэрэглэгдэж байгаа хэдий ч монгол хэлний эрдэмтэн мэргэд өөр өөрийн гэсэн дүрэм зохиох, түүнийг олон нийтэд тулгах, хүлээн зөвшөөрүүлэх талаар багагүй оролдлого хийж байгаа нь өнөөгийн сонин хэвлэлийн нүүр хуудаснаа төөрч будилсан, өөр өөрийн ойлголтоор бичиж байгаагаас дээрх алдаа гарч байна. Монгол хэлний дүрэм ямар байх нь эрдэмтдийн маргааны сэдэв байсаар ирсэн, цаашид ч байх магадлалтай хэдий ч олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэл найруулгад энэ байдал сөргөөр нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй.
-Сонин хэвлэл, радио телевизийн хэл, найруулгын тухай судалгааг хэлшинжлэл, найруулгазүйн мэргэшсэн судлаачидтай хамтран нэг баг болж хэрэгжүүлэх нь ажлын үр дүн, судалгааны үнэ цэнийг өргөж байгааг харгалзан үзэж ажиллах нь судалгааны ажлын хамтын уялдааг сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх байх гэдэгт итгэлтэй байна.
Энэ мэтээр олон санааг гаргаж болох хэдий ч та бүхний үнэтэй зөвлөгөөний үр дүнд өөр өөр шинэ содон санаа гарах байх гэдэгт итгэнэм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд курсын 17 дахь жилийн төгсөлт тавдугаар сарын 10-ны өдөр боллоо. Энэ жил сэтгүүлзүйн дээд курсыг 19 оюутан төгсөж, ажлын гараагаа эхлүүлээд байна. Тэд Баян-өлгий, Ховд, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын өдөр тутмын сонин, цахим хэрэгсэл, телевизүүдэд мэргэжлээрээ ажиллах болсон юм.

Төгсөгч О.Эрдэнэдаваа “Миний хувьд NBS телевизэд мэдээний сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Тэнцвэртэй мэдээ, мэдээлэл бэлтгэхийг  зорьж  байна”  гэлээ.

Сэтгүүлзүйн дээд курсын 2012-2013 оны хичээлийн жилд нийт 24 элсэгч орсноос 19 оюутан амжилттай суралцаж төгслөө.

Суралцагсад орчин цагийн сэтгүүлзүйн чиг хандлага,  бичлэгийн төрөл зүйлийн талаар  мэдлэгтэй болж,  сэтгүүлзүйн шаардлага хангасан мэдээ, нийтлэл бэлтгэж бусдын материалыг шүүмжлэх, засах, сайжруулах, дүн шинжилгээ хийх чадварт суралцсан юм. Түүнчлэн сонин, телевиз, радио, цахим  мэдээллийн хэрэгсэлд мэргэшиж, ажиллах арга барилд суралцсан бөгөөд цахим сэтгүүлзүйн хичээлийг Австрали Улсын сэтгүүлч Энди Нүүнэн заасан юм.

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тоон мэдээллээр тодорхойлох зорилго бүхий жилийн тайланг 14 дэх удаагаа хэвлэн гаргалаа.

Уг тайланд орсон мэдээллээр 2012 – 2013 хүртэлх хугацаанд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага /135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт/ тогтмол үйл ажиллагаа явуулсан байна. Хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгсэлд 5000 орчим хүн ажилласан  бөгөөд энэ тоо өмнөх оныхоос 16 хувиар өссөн дүн юм. Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан давамгайлж (сонин сэтгүүлийн салбарт 46 хувь, радио телевизийн салбарт 57 хувь)байв.

Монгол улсад 2012 оны туршид нийтдээ 25,8 сая ширхэг сонин борлогдсон бөгөөд энэ нь 2011 онд борлуулсан сонины тоо ширхэгтэй ижил төстэй байгаа аж.

Тайланд орсон мэдээллээс харахад сэтгүүлийн борлуулалтын хэмжээ жил ирэх тусам өсөж байна. 2012 онд сэтгүүлийн борлуулалт өмнөх оноос 15 хувиар нэмэгдэж 5,4 саяд хүрчээ. Энэхүү өсөлтөд телевизийн хөтөлбөртэй, цаг үеийн мэдээ, мэдээлэл бүхий 7 хоног тутмын сэтгүүлийн тоон өсөлт шууд нөлөөлж байна.

Монголд жилдээ телевизийн 17-18 суваг шинээр нэмэгдэж байна. Ялангуяа орон нутгийн телевизийн тоо нэмэгдэж буй бөгөөд тухайлбал Өмнөговь аймагт телевизийн тоо 2-оос 7 болж өсжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг “Bloomberg” телевизийн салбар Монголд байгуулагдсан нь телевизийн салбарт гарсан онцлог өөрчлөлт байв.

Радиогийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байсан бол өнгөрсөн онд 12 радио шинээр нэмэгдэв. Түүнчлэн 2012 оноос DDish-ийн тавган антенныг ашиглан орон даяар нэвтрүүлгээ цацдаг “Лавайн эгшиг”, “Шинэ Монгол” хэмээх хоёр радио үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио гурав боллоо. Алслагдсан аймгууд болох Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн зарим сумдад хүйн радио байгуулагдав.

Дээр дурдсан мэдээллээс гадна “Монголын хэвлэл өнөөдөр” тайланд сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт, радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц, хаяг байршил болон боловсон хүчин, хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн  талаарх суурь статистик мэдээллийг багтаасан аж.

 
Бичсэн: davaasuren цаг: 22:20 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax