Зөв ярих чадвар хүн бүхэнд хамаатай
Бид улс төрчид л сайн ярьдаг байх ёстой, эсхүл нийгмийн зүтгэлтний хамгийн чухал зэвсэг нь илтгэх чадвар гэж боддог. Харин илтгэх ур чадвар эгэл жирийн надад хамаагүй гэж бодох нь элбэг. Энэ бодол бол таны хамгийн түрүүнд өөрчлөх ёстой зүйл. Учир нь зөв ярина, өөрийгөө ойлгомжтойгоор илэрхийлнэ, олны өмнө амжилттай үг хэлнэ, илтгэх ур чадвартай байна гэдэг хэн бүхэнд хамаатай. Хэл яриа байсан цагт илтгэх, зөв ярих чадвар хэрэгцээтэй байсаар байна. Эмч хүн өвчтөнөө эдгээхийн тулд, багш сурагчдаа хичээлээ ойлгуулахын тулд, дарга ажилчдаа зөв удирдахын тулд, оюутан сурагчид багшдаа ойлгосноо тайлбарлахын тулд, менежерүүд ажлынхаа гүйцэтгэлийг зөв танилцуулахад зөв ярих чадвар л хэрэгтэй.
Монголчууд бид амны билгээс ашдын билэг хэмээн сургадаг уламжлалтай, эрхийдээ эрчтэй, цээжиндээ цэцэн билэгтэй үгтэй хүмүүс. Тийм ч учраас бүгд зөв ярих чадварт суралцах учиртай. Цэцэг ургахад ус, нар хоёр тусалдаг шиг, таны төрөлхийн зөв ярих чадварт багаахан эмх цэгцтэй мэдлэг, чадвар нэмэхэд л та илтгэгч болно. Ингэж чадвал амжилтын хаалга таны өмнө нээгдэх болно. Би олон хүнд илтгэх ур чадварын сургалт хийж байсан. Сургалтанд хамрагдсан хүн бүхэн сургалтын төгсгөлд “Энэ үнэхээр миний амьдралыг өөрчлөх ур чадвар байлаа” гэж хэлдэг. Авьяас билигтэй, мэргэжлийн ур чадвартай залуухан менежер өөрийн гайхамшигтай санаануудаа илэрхийлж чадахгүйгээс болоод мөнхөд доод шатандаа үлдсэн азгүй түүх олон. Гэхдээ өөрийн зөв ярих ухааны хүчээр дэлгүүрийн худалдагчаас худалдааны сүлжээний эзэн болсон бахархам түүх бүр олон. Дээрх 2 түүхийн альныг нь сонгохоо та өөрөө л шийднэ.
Миний хэлэх хамгийн эхний зөвлөгөө бол яг одооноос илтгэх, өөрийгөө зөвөөр илэрхийлж сурна гэдэг зорилтыг өмнөө тавь. Илтгэх чадварын гайхамшгийг мэдэр, би ярьж чадах болов уу гэдэг айдас сандралаа хуучин хувцас шигээ тайлж орхиод итгэл найдварын хуяг дуулгаа өмс.