Эхийн бүтэц, эхийн хэв маяг
Эхийн хэв маягийг эрдэмтэд дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Эрдэмтэн Д.Отгонсүрэн
“Зохиогч бичиж буй зүйлдээ санаа бодлоо хэрхэн илэрхийлснээрээ эхүүд ялгардаг.Эхийн өгүүлэмж бичлэгээрээ ялгарахыг хэв маяг буюу хэв төлөв гэнэ.Аливаа эхийг нэг нь нөгөөгөөсөө ялгарах хэв маягаар нь:
А.тоочин бичсэн эх (тоочсон эх)
Б.эргэцүүлэн бичсэн эх (эргэцүүлсэн эх)
В.дүрслэн бичсэн эх (дүрсэлсэн эх) гэж ангилна” гэжээ.
Эрдэмтэн М.Базаррагчаа
“Цогц санааг зүй зохистой сонгосон найруулгаар бүтээх, ялгах хамгийн бага нэгжийг найруулбар гэнэ.
Найруулбарыг :
А.тоочих ба эргэцүүлэх найруулбар
Б.хүүрнэх ба тайлбарлах найруулбар гэж ялгадаг.”гэжээ.
Эхийн хэв маягийг эсрэгцэл шинж, ойролцоо төстэй шинжүүдэд нь тулгуурлан ангилбал:
А.тоочимж
Б.хүүрнэмж
В.тайлбарламж
Г.эргэцүүлэмж
Тоочимж ба хүүрнэмжийн эсрэгцэх шинж
Тоочимж:
А.Аливаа юмны шинж чанарыг нэгэн цагт зэрэгцүүлэн тоочно.
Б.Тоочимжийг зогсонги байдалд буюу тухайн юмны орших орон зай дотор ухаарна.
Хүүрнэмж:
А.Хэрэг явдлыг одоо, ирээдүй, өнгөрсөн гурван цагт дэс дараалан хүүрнэнэ.
Б.Хүүрнэмжийг хөдлөнгө байдалд буюу эхлэл төгсгөлгүй урсах цаг хугацааны дотор ухаарна.
Эргэцүүлэмж ба тайлбарламжийн эсрэгцэх шинж
Эргэцүүлэмж:
Хэрэг ядвлаас үүдэлтэй бодомжуудын харьцаанаас гарах оюун дүгнэлтээс бий болно.
Тайлбарламж:
Тэдгээр оюун дүгнэлтийг задлах замаар бий болно.
Эхийн хэв маягуудын ялгаа нь :
v Эх зохиогч бичиж буй зүйлдээ хэрхэн хандсанаас
v Ямар зорилготойгоос
v Сонгосон сэдвээс
v Бичих чадвар дадал, туршлагаас хамаарна.
Зарим эхийн хэв маягууд нэг нь нөгөөгөөсөө өөр биш, тоочсон, хүүрнэсэн, тайлбарласан, эргэцүүлсэн хэв маягууд нэгэн эхэд холилдон орж, аль нэг нь давамгайлсан шинжтэй байх нь түгээмэл байдгийг анхаарах нь зүйтэй.
Тоочимж
Юмс үзэгдлийн гадаад ба дотоод шинж чанарыг тухайн хам цагт тоочин дурдаж бичсэн эх юм.Гадаад, дотоод шинж, гол хэсэг гэсэн бүтэцтэй.Тоочимжийг уншаад, тухайн амьтан юмс үзэгдэл, орон байр, цаг улирлын тухай тодорхой мэдлэгтэй болж, тухайн зүйлийг бусдаас ялгах чадвартай болдог.Тийм учраас тоочимжийг “үгээр зурсан хөрөг зураг” гэж үздэг.“шинж+ шинж+шинж+...” гэсэн загвартай байдаг.Онцлог:
Юмс үзэгдлийн гадаад, дотоод тогтвортой шинжийг зэрэгцүүлэн үзүүлдэг.Хамгийн гол шинжийг нарийн дэс дараалалтай зураглан бичнэ.Юмсын шинжийг өгүүлэх учир орон зай хязгаарлагдмал.Ямар? Ямар? Яаж? Яаж? гэсэн асуултад хариулагдана.Хүүрнэх өгүүлбэр зонхилдог.Үйл явдлын дэс дараа чухал.
Тавигдах шаардлага:
· Тухайн хүн амьтан, юм үзэгдэл, орон байр, үйл явдлын талаар өгүүлсэн зүйл нь тавьсан зорилгодоо хүрсэн байх
· Тоочин дүрсэлсэн зүйлийнхээ гол мөн чанарыг яруу тодорхой гаргасан байх
· Сонгосон баримт нь зөв оновчтой, эрэмбэ дараатай орсон байх
· Бичсэн зүйл нь тодорхой мэдээлэл өгсөн байх
· Сонирхолтой уран дүрслэл хэрэглэсэн байх зэрэг болно.
Хүүрнэмж
Хэрэг явдлыг цагийн дэс дарааллаар эхнээс нь дуустал энгийн хүүрнэн өгүүлсэн байна.Тууль, үлгэр, домог, тууж, роман, өгүүллэг, найраглал, шог яриа, намтар, өдрийн тэмдэглэл, замын тэмдэглэл зэрэг нь энэ хэв маягт хамаарна.Эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй байна.Хүүрнэмжийг уншаад, тухайн үйл явдал, хэрэг явдлын тухай харилцан уялдаатай, дэс дараатай, цогц мэдээлэл олж авдаг.тийм учраас хүүрнэмжийг “үгээр зурсан цуврал зураг” гэж нэрлэдэг.“үйл явдал+үйл явдал+үйл явдал+...” гэсэн загвартай.Онцлог:
Хэрэг явдлыг цагийн дарааллын дагуу одоо, ирээдүй, өнгөрсөн гурван цагт хүүрнэн бичнэ.Хэрэг явдал нь эхлэл, төгсгөл үргэлжлэлтэй.Үйл явдлын шалтгаант холбоотой.Дүр дүрслэл ихтэй.Баймж үнэлэмж тодорхой илэрч байдаг.Хэн? Юу? Яаж байна? гэсэн асуултад хариулагдана. Эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй.Тавигдах шаардлага:
Хүүрнэмжийн эхэнд тухайн үйл явдалд оролцох эзэн, үйл явдлын болох орон зэрэг хамгийн чухал мэдээллийг өгсөн байхЦаг хугацааны дарааллаар үйл явдлыг эрэмбэлсэн байхСонирхолтой жишээ, баримт, бүрдэл хэсэг оруулсан байхБичсэн зүйлээ ойлгомжтой болгох нэмэлт дүрслэл, баримт туссан байх Хэл найруулгын хувьд ойлгомжтой байхТайлбарламж
Юмсын учир шалтгаан, бүтэц бүрэлдэхүн, мөн чанарыг аль нэг талаас нь онцлон тодорхойлж, тайлбарлан бичсэн эх юм.Тайлбарламж ийн агуулга нь баримт жишээ, тооцоо судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхой-лолтод тулгуурласан байдаг.Тийм учраас тайлбарламжид уран яруу дүрслэл хэрэглэхгүй, бодит байдлыг шууд тодорхойлж, баталж нотолсон байна.“баримт+баримт+баримт+... Үзэл бодол эсвэл үзэл бодол+баримт+баримт+баримт+...” гэсэн бүтэцтэй.Тиймээс түүнийг “ухуулгын зураг” гэдэг.Онцлог:
Агуулга нь баримт,жишээ,тооцоо судалгаа,шалтгаан үр дагавар,дүрэм тодорхойлолтод тулгуурласан байдаг.Өнгө аяс нь баталж нотолсон,бодот байдлыг шууд тодорхойлсон байна.Сэтгэлийн хөдөлгөөн, утгын халил илрээгүй байна. Тухайн үзэгдэл юмсыг шууд нэрлэсэн утгатай байна.Ямар учраас? гэсэн асуултад бүхэлдээ хариулагдана. Зохиомжийн хувьд тайлбарлах гэсэн зүйл, дэлгэрүүлсэн хэсэг,дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ.Тайлбарламж эх нь бүтцийн хувьд:1.тайлбарлах гэсэн зүйл
2.түүнийг дэлгэрүүлсэн хэсэг
3.дүгнэлт хэсгээс бүтнэ.
Тодруулбал, тайлбарламжид тоо баримт тулгуурлан зохиогч өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, эсвэл өөрийн үзэл бодлоо тодорхой тоо баримтаар баталгаажуулан ,эсвэл шалтгааныг нь эхэлж бичээд,бий болох үр дагаврыг нь тодорхойлсон, эсвэл үр дагаврыг нь эхэлж бичээд ,шалтгааныг нь тайлбарласан байдаг.
Тавигдах шаардлага:
Өөрийн үзэл бодол,баримт жишээ,тооцоо судалгаа,тодорхойлолт тайлбар нь сонгон авсан сэдэвтэйгээ тохирсон байх.Түлхүүр өгүүлбэр нь гол санаагаа оновчтой илэрхийлсэн байх.Гол санааг дэлгэрүүлэх баримт сэлт хангалттайзөв дараалалтай орсон байх.Гол санааг дэлгэрүүлэх нэмэлт санаа оновчтой,учир зүйн нарийн дэс дараатай орсон байх. Хэл найруулга нь ойлгомжтой тодорхой байх.Дэвсгэр мэдээлэл чухал үүрэгтэй байх.Цогцолбор, өгүүлбэрүүдийн уялдаа холбоо зөв байх.
Эргэцүүлэмж
Аливаа юмс үзэгдэл,үйл байдлын учир шалтгаан шинж чанарыг шүүн тунгааж,баталсан ба үгүйсгэсэн дүгнэлт гарган бичсэн эх юм. Өөрөөр хэлбэл,хоёр өгүүлбэр,хоёр цогцолбороос гурав дахь дүгнэлт бүхий өгүүлбэр,цогцолбор бүтээхийг эргэцүүлэмж гэнэ. Энэ нь баримт, баталгаа,нотолгоо, оюун дүгнэлт шаарддаг тул дэвшүүлсэн асуудал,баталгаа,дүгнэлт,гэсэн хэсэгтэй байна.Түүнийг “хийсвэр зураг”-тай харьцуулдаг.Онцлог:
Хэрэг явдлаас үүдэлтэй бодомжуудын харьцаанаас шинэ дүгнэлт гардаг.Юмс үзэгдлийн учир шалтгаан,дотоод харьцаа,бүтцийг олж дагаврыг нотолно. Харьцаа эсрэгцлийн шинжтэй.Уншигч, сонсогчийг сэтгэн бодуулах, итгүүлж, үнэмшүүлэх зорилготой. Асуудлыг дэвшүүлж шийдвэрлэсэн байдаг. Яагаад? гэсэн асуудтад хариулагдана.Эргэцүүлэн бичсэн эхийн зохиомжид үндэслэл,баримт,баталгаа,дүгнэлт гэсэн дэс дараа зонхилдог.Эргэцүүлэмж эх бүтцийн хувьд:1.батлах гэсэн зүйлийн үндэслэл
2.түүний баталгаа буюу гол хэсэг
3.Дүгнэлт хэсгэээс бүтнэ.